БНХАУ-ын цахим шүүхийн туршлагаас суралцах талаар санал солилцов

bzcourt  |   2019-10-18  |   Нүүр хуудас


БНХАУ-ын Ардын дээд шүүхийн доод танхимын ерөнхийлөгч, дунд танхимын их шүүгч, ноён Ху Юун Тэнг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаярыг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа. Ардын дээд шүүхийн байранд болсон уулзалтын үеэр хоёр орны шүүхийн байгууллагын хамтын ажиллагааны талаар санал солилцон ярилцсан юм.
 
БНХАУ-ын цахим шүүхийн туршлагаас суралцах талаар санал солилцов
 

Ноён Ху Юун Тэнг хоёр орны шүүхийн байгууллагуудын харилцаа жил ирэх тусам улам гүнзгийрч, Монгол Улсын шүүхийн шүүгч, захиргааны ажилтны чадавхыг дээшлүүлэх, Хятадын шүүхийн шинэтгэл, ололт амжилттай танилцах, харилцан туршлага солилцох чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ. Хоёр улс бүх талын стратегийн харилцааг хөгжүүлж, үүнийг бататган хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан айлчлал хийж салбар, салбарын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж байгааг тэрбээр онцлон тэмдэглэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Батбаяр хоёр орны шүүхийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа 2007 оноос өргөжин хөгжиж, харилцан өндөр хэмжээний айлчлалыг зохион байгуулсныг онцлоод Монголын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад зориулсан хамтарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэнд талархал илэрхийллээ. 

Талууд цаашид хамтарсан сургалтын агуулгыг сайжруулах, Хятадын цахим шүүхийн туршлагаас суралцах чиглэлээр идэвх санаачилгатай ажиллах талаар санал солилцсон юм.

 
БНХАУ-ын цахим шүүхийн туршлагаас суралцах талаар санал солилцов
 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа болон БНХАУ-ын шүүхийн үйл ажиллагаатай танилцах 10 дахь удаагийн сургалтад хамрагдаж буй бүх шатны шүүхийн 21 шүүгч, шүүхийн захиргааны найман ажилтан байлцав.

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР