“Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ

bzcourt  |   2019-10-18  |   Нүүр хуудас


Азийн хөгжлийн банкны техник, хамтын ажиллагаагаар хэрэгжих "Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төсөл өнөөдөр (2019.10.18) нээлтээ хийлээ.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар уг төслийн хэрэгжүүлэгчээр ажиллах юм.

Төслийн хүрээнд авлигын хэрэг шийдвэрлэх ажиллагаанд оношилгоо, үнэлгээ хийсний үндсэн дээр мөрдөгч, прокурор, шүүгч нарын чадавхыг бэхжүүлэн сургагч багш, гарын авлага бэлтгэх аж. Мөн авлигатай холбоотой хэргийг мэдээлэх тогтолцоо, хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулах зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр төлөвлөжээ.

 
 

Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх олон улсын байгууллагаас Монгол Улсад 40 зөвлөмж, шууд хэрэгжүүлэх 11 ажлын даалгавар ирүүлсэн. Манай улс шууд хэрэгжүүлэх 4 ажлын үр дүнг эргэж танилцуулах үүрэг хүлээсний нэг нь мөнгө угаах гэмт хэргийг мөрдөн шалгах, прокурорт шилжүүлэх, шүүхээр шийдвэрлүүлэх асуудал. Мөн "Транспаренси Интернэшнл” олон улсын байгууллагаас хийсэн үнэлгээгээр шүүхээр авлигын хэрэг шийдэгдсэн үзүүлэлтээр Монгол Улс хангалтгүй үнэлгээ авсан. Тус байгууллагын судалгаагаар манай улс сүүлийн долоон жил 100 онооноос 36-39 оноо авч байгаа зэргээр олон улсын түвшинд нэр хүнд буурах үзүүлэлт цөөнгүй байгааг Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ж.Батсайхан танилцууллаа. Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд олон улс, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах, эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд туршлага судлах шаардлагатай үед энэхүү төсөл хэрэгжиж байгаагийн ач холбогдлыг тэрбээр онцолсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж "Азийн сангаас жил тутам хийдэг авлигын төлөв байдлын судалгаагаар 2014 оноос өмнө өндөр авлигатай таван байгууллагын нэгээр шүүх нэрлэгддэг байсан. 2014 оноос хойш энэ үзүүлэлтэд шүүхийн байгууллага орохоо больсон. Засгийн газар, УИХ, улс төрийн намууд зэрэг төрийн эрх мэдлийн дээд байгууллагууд хамгийн их авлигатай салбараар нэрлэгддэг, үүнд иргэд дасал болчихсон байгаа нь харамсалтай. Авлигыг байх ёстой үзэгдэл мэтээр хүлээж авдаг болсон нь хортой. Авлигын нөхцөл байдал маш хүнд байгаа нь судалгаагаар нотлогддог атлаа жилд энэ төрлийн 20 орчим хэрэг шүүхээр шийдэгддэг статистик байна. Шүүхээс 2017 он хүртэлх хугацаанд жилд 31-35 хүнд авлига, албан тушаалын хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн бөгөөд тэдний 80-90 хувь нь хорих төрлийн ялаар шийтгэгдсэн. Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга) хэрэгжиж эхэлснээс хойш 60-70 хувь нь торгох ялаар шийтгүүлсэн тоон баримт бий. Энэ нь авлигын хэрэгтэй тэмцэх хүчин чармайлт сул байгааг харуулж байна" гэлээ. "Авлигатай тэмцэх соён гэгээрүүлэх ажиллагаа хийх, авлигын үүр уурхай, үндсийг эвдэхэд тодорхой алхам хийх шаардлагатай байгаа. "Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн үр дүнд хууль, шүүхийн байгууллагын хүний нөөц чадавхжаад зогсохгүй төр засгийг сэрээнэ гэж найдаж байна” хэмээв. Тиймээс уг төслийг бүтээмжтэй, үр нөлөөтэй, хариуцлагатай хэрэгжүүлэхэд шүүхийн систем өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийнэ гэдгийг тэрбээр онцолсон юм.

 

 

Албан тушаалд улстөрчдийн хүсэл сонирхлоор томилгоо хийгддэг тогтолцоо, ялын хэт хөнгөн бодлого, улс төр бизнес холилдсон, баялгийн тэгш хуваарилалт алдагдсан зэрэг авлигатай тэмцэхэд хүндрэлтэй олон асуудал байгааг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Ч.Жаргалбаатар танилцууллаа.

Энэ төрлийн гэмт хэргийг шалгах хүний нөөц, арга хэрэгсэл, техникийн хомс байдал, олон улсын хамтын ажиллагаанд тулгардаг хүндрэл, эрх зүйн тогтолцооны зөрүү, шалтгаан нөхцөлийг тогтоох, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй зэрэг хүндрэл, бэрхшээлийн талаар Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат мэдээлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрхийг хангах, эрүү шүүлт тулгахгүй байх, эрх зүйн үр дагавар бүхий актуудыг бодитой үйлдэх, хуулийн этгээдтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журам мөрдөх зэрэг шаардлагыг хангаагүйгээс шүүхийн шатанд хэрэг шийдвэрлэхэд хүндрэлтэй байгааг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр илтгэлдээ онцлов.

"Монгол Улс дахь Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн эхний ажил болох авлигын хэрэг шийдвэрлэх үйл ажиллагаанд оношилгоо, үнэлгээ хийх ажлыг "Азийн сан” олон улсын байгууллага хариуцаж байгаа. Дүн шинжилгээ хийх аргачлалыг Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг танилцуулж, төсөл хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөллийн дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс