“Шүүхэд баярлалаа”

bzcourt  |   2019-09-25  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


 

         Намайг Ц.Сэлэнгэ гэдэг. Би Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Үйлдвэрчний эвлэлийн бодлого зохицуулалтын газрын нарийн бичгийн дарга ажилтай хүн. Анх шүүхээс ярихад нь их гайхсан. Манай ажил маш олон иргэдийн хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэхээр шүүхэд ханддаг юм. Тэр үүднээс дуудсан байх гэж бодтол шүүх хуралд иргэдийн төлөөлөгч болон оролцоно уу гэсэн.  

          Энүүхэндээ гэхэд эхлээд их л дургүй байлаа. Эхний шүүх хурал хойшилсон. Дахин ирэх болоход яадгийн билээ гэтэл хамт ажилладаг хүмүүс маань та шүүхийн ажилд гар бие оролцож байна гэдэг нэр төрийн хэрэг, та томоохон сугалаанд хожсон байна гээд инээлдсэн нь надад дараагийн хуралд ирэх шалтгаан болсон. 

          Шүүхийн хаалгаар ороод, хавтас хэрэгтэй танилцаж, шүүх хуралдааны танхимд орох гээд бүгд надад хүнд санагдсан. Эхний шүүх хурал дээр шүүгдэгчийг их өрөвдсөн. Санаатай ч бай санамсаргүй ч бай шүүгдэгч гээд толгой гудайн зогсож байгаа нь харах хэцүү байсан. Харин сүүлийн шүүх хуралд ороод хурлын явц дунд шүүгдэгчийг гэм буруутайн байна гэсэн бодол төрж, дүгнэлтээ ч тэгж гаргасан. Архи гэх зүйлээс болж олон залуус гэмт хэрэг үйлдэж байгаад сэтгэл их энзэглэсэн. 
 
 

          Шүүхийн талаарх миний буруу ойлголт арилсан төдийгүй, иргэдийн дунд мэдээлэл өгөхдөө шүүхийн талаар эерэг мэдээлэл түгээх нь чухал юм байна гэдгийг ойлгож авсан. Олон нийтийн дунд үнэн худал нь мэдэгдэхгүй, шүүх ийм, тийм гэсэн ташаа мэдээлэл их тархдаг. Гэтэл цаг наргүй, үнэнчээр ажиллаж, иргэдэд эрх зүйн боловсрол олгох үүднээс хөндлөнгөөс иргэдийг төлөөлөл болгон шүүх хуралдаанд оролцуулж өөрсдийн ажлаа бүтээлчээр мэдрүүлж яваа Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. 
           Хурлын дараа урамшуулал гээд цалин өгч, "Талархал” ч олголоо.
           Шүүхийн хамт олонд маш их "БАЯРЛАЛАА”  


Сэтгэгдэл илэрхийлсэн: Ц.Сэлэнгэ
2019.09.19