Өсвөр үеийнхий ХАР ТАМХИ-ны хэрэглээний талаар 17 настай охин юу хэлэв

bzcourt  |   2019-09-09  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


 

Манай улсад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг газар авч, үүнд донтогчдын тоо ч улам бүр нэмэгдсээр байна.

Үүнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас шөнийн цэнгээний газруудад хийсэн гэнэтийн шалгалтын дүн тодхон харуулж байна. 

Тодруулбал, Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Баянгол, Чингэлтэй дүүргийн шөнийн цэнгээний газруудад шалгалт хийж 87 иргэнд хар тамхины тест тавьж шалгахад 24 нь хар тамхи хэрэглэж, тав нь биедээ хадгалж байсан нь тогтоогджээ.

Ганцхан шөнийн дотор хэдхэн цагийн хугацаанд хоёрхон дүүрэгт ажиллахад ийм үр дүн гарч байгаа нь өнөөдөр бид хар тамхи гэгч "ЦАГААН ТАХАЛ"-аас хараат болсныг илтгэж байна. 

Хамгийн аймшигтай нь хар тамхийг нэг удаа татахад гарах үр нөлөө нь архи уугаад шартсанаас 60-90 дахин илүү гэдэг. Ийм өвдөлт, тавгүйтлийг мэдэрч байгаа хүн энэ мэдрэмжээ дарахын тулд дахин татаж эхэлдэг бөгөөд нэг удаа сонирхож сороод л өөрийн мэдэлгүй хар тамхины үнэнч хэрэглэгч болдог байна. 

Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн 17 настай охин бидэнд хандаж мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, "ХАР ТАМХИ-ны хэрэглээ манай үеийнхэн дунд маш их байна. Өдрөөс өдөрт уруудан дордож, өөрийгөө алдаж байгаа найзуудыгаа харах үнэхээр хэцүү байсан" хэмээн халаглан ярьсан юм.

-Өсвөр үеийнхэн дунд хар тамхины хэрэглээ их байгаа гэлээ. Тэд яагаад хар тамхичин болж, яаж олоод байдаг юм бол?

-Муу зуршилтай мөнгө олох гэж ядсан хар тамхичид өсвөр насныханд зарах оролдлого хийж  "алив ахын дүү нэг сорж үзэх үү” гэх мэтээр асууж, эхэндээ үнэгүй өгч соруулдаг. Хүүхдүүд эхэндээ үгүй гэдэг ч энэ зүйл олон удаа давтагдахаар нэг л мэдэхэд нөлөөнд нь автаад сорчихсон байдаг. Үүний дараа тэд биш хүүхдүүд араас нь мөнгөө бариад гүйдэг болчихдог. Яагаад гэвэл тэд сонирхож нэг сороод амтанд нь орчихсон. Хамгийн аймар нь тэдний хар тамхи авах мөнгө нь хомстож эхлэхэд тэдний толгойд муу бодол орж ирнэ. Гэрээсээ хулгай хийх, хүн дээрэмдэх, мөнгө зээлэх гэх мэт хялбар аргаар мөнгийг олох гэж үзнэ. Эцсийн аргаа хэрэглээд ч мөнгө олдохгүй үед тэд хар тамхины нэг төрөл болох Монголд ургадаг өвсийг хайж эхэлнэ. Тэр өвс нь Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ зэрэг нутгаар их ургадаг бөгөөд харуул хамгаалалт хатуу байдаг ч олж ирээд л байдаг. Тэгээд тэрийгээ хэрэглэнэ бас зарна. Зарахдаа яг л өөрт тохиолдсон шигээ өөрөөсөө жоохон хүүхдүүдэд зардаг. Энэ нь хар тамхи хэрэглэгчид жил ирэх бүр залуужиж байгаагийн гол шалтгаан. 

-Өсвөр насныхны хар тамхины хэрэглээ аль орчинд хамгийн их байна вэ. Сургуулийн орчинд уу?

-Үгүй.  Орон сууц буюу хотхонуудад өсвөр насны хүүхдүүд хоорондоо бүлэг болох нь ихэссэн. Эдгээр бүлэг хүүхдүүд орой юу хийдэг вэ гэдгийг хэн ч мэддэггүй. Эцэг эхчүүд нь ч бараг сонирхдоггүй. Учир нь тэд хүүхдэдээ итгэдэг. Ямар ч эцэг эх хайртай охиноо, хүүгээ хар тамхи хэрэглэж байгаа гэж төсөөлдөггүй. Яг үүнээс болж хүүхэд нь хорт нөлөөнд автаж байнаЭнэ зөвхөн миний мэдэх нэг хэсэг хүүхдүүдийн асуудал биш. Бараг нийтээрээ ийм байгаа гэж хэлж болно. Тиймээс өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдийг анхаарал болгоомжтой байж, хүүхдүүдээ шөнө оройн цагаар гаргахгүй байх нь хамгийн чухал шүү гэж хэлмээр байна.

-Чи сорж үзсэн үү?

-Үгүй. Би айгаад сороогүй. Магадгүй энэ миний эцэг, эхийн хүмүүжил байх. Би найзуудынхаа амьдралыг хэрхэн хурдацтай өөрчлөгдөж байгааг хараад шууд л ээж аавтайгаа ярилцсан. Нөхцөл байдал ийм байна аа. Би энд баймааргүй байна. Нүүж болох уу гэж хэлсэн. Ээж, аав маань шууд л зөвшөөрсөн. Одоо би тэдгээр хүүхдүүдээс холбоо тасарсан. Хэрвээ би ээж, аавдаа хэлээгүй, нүүгээгүй байсан бол өнөөдөр хэрэглэгч болчихсон байхыг үгүйсгэхгүй.

17-хон настай эмэгтэй хүүхэд хар тамхины талаар ийм их мэдлэгтэй, арвин түүхтэй байна гэдэг маш том эмгэнэл. Тэдний насан дээр бид хар тамхи гэж юу байдгийг ч мэддэггүй байсан гэхэд хилсдэхгүй. 

Тиймээс аюулын харанга дэлдэж байгаа хар тамхины хор хөнөөлийн асуудалд, тэр дундаа өсвөр насныхны хэрэглээнд холбогдох албаныхан анхаарлаа хандуулах цаг нь болжээ.

Уг нь мансууруулах бодисын хэрэглээнээс урьдчилан сэргийлэх арга олон бий. "Үүнийг хэрэглээд үз дээ. Үнэхээр сайхан мэдрэмж төрдөг” гэж хэн нэгэн хэлэхэд уруу татагдахгүйгээр "Үгүй. Би хэрэглэхгүй” гэхэд л өөрийгөө аюулаас сэргийлж чадна. Хүүхдүүдийг ингэж хэлэх чадвартай болгох ёстой.

Тиймээс цаашид мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисын хууль бус хэрэглээнээс сэргийлэх арга хэмжээг төр засгаас нэгдсэн удирдлага, бодлого зохицуулалттайгаар, цогцоор хэрэгжүүлэх нь туйлын чухал бөгөөд ялангуяа өсвөр үе, хүүхэд залуучуудын дунд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисын хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгааг өргөн хүрээтэй зохион байгуулахад анхаарч, сургуулийн нийгмийн ажилтнуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, үе тэнгийн сургагч багш нарыг бэлтгэх, сургууль бүрт мансуурлаас сэргийлэх өсвөр үеийн клуб ажиллуулах зэргээр хүүхэд залуучуудын идэвх санаачилгыг өрнүүлсэн үйл ажиллагааг зохион байгуулж, тэднийг дэмжин ажиллах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм.

Т.ГЭРЭЛ

Эх сурвалж: http://www.zaluu.com/read/3c7h01444