Ахмад шүүгч, ажилтнууд зөвлөлдөв

bzcourt  |   2019-07-02  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


"Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад ахмад шүүгч, ажилтнуудын оролцоог хангах нь” сургалт, зөвлөгөөн өнөөдөр (2019.07.02) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Сургалт, зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон Шүүхийн ахмадуудын холбоо, түүний салбар зөвлөлийн удирдлагууд оролцож шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад ахмадуудын оролцооны талаар санал солилцсон юм.

Ахмад шүүгч, ажилтнуудын мэдлэг, туршлагыг хойч үед нь дамжуулах, тэдэнд анхаарал тавьж сэтгэлийн дэм үзүүлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад дуу хоолойг нь хүргэх зорилгоор Шүүхийн ахмадын холбоог байгуулсан талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж танилцууллаа. Түүнчлэн шүүх эрх мэдэл том сорилтын өмнө байгаа үед ахмад шүүгч, ажилтнууд цуглаж асуудлаа ярилцаж байгааг онцолсон юм. Шүүх иргэдийн итгэл дээр тогтдог эмзэг салбар. Шүүгч, шүүхийн захиргаанд ажиллаж байгаа хүн бүр үргэлж хичээж ажиллах ёстой. Тиймээс залгамж үеэ соён гэгээрүүлэхэд ахмадуудын оролцоо чухал гэдгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга сануулав.

 

Ахмад шүүгч, ажилтнууд зөвлөлдөв

 

"Шүүгч эцэслэн шийдвэрлээгүй хэрэг болон гаргасан шийдвэрийнхээ талаар олон нийтэд мэдээлэх нь зохимжгүй талаар олон улсын зөвлөмж, шүүгчийн ёс зүйн дүрэмд тусгасан байдаг. Олны анхааралд өртсөн, шүүхийн шийдвэрийн агуулгыг зорилготойгоор мушгин тайлбарласан үйлдлийн талаар бодит тайлбар өгөх үндэслэл шүүгчдэд байдаггүй. Тиймээс олон жил шүүн таслах ажил эрхэлсэн ахмад шүүгчид олон нийтэд зөв мэдээлэл өгөх боломжтой” гэж Шүүхийн ахмадуудын холбооны тэргүүн, ахмад шүүгч Д.Гансүх илтгэлдээ онцоллоо.

 

Ахмад шүүгч, ажилтнууд зөвлөлдөв

 

Ахмад шүүгч, ажилтнууд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдсан шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтууд, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангахад тулгамдаж буй асуудал, ахмадуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар санал солилцсон юм. Тухайлбал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хорооноос санал болгох нь шүүх эрх мэдэл улс төрийн нам, хүчнээс хамааралтай болох үндэслэлтэй учраас болгоомжлох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн улстөрч, эрх мэдэлтнүүд шүүхэд нөлөөлөхийг оролддог, нэр хүндийг нь унагаадаг учраас залуу шүүгчид мэргэжлийн онцлог, нэр хүндээ хамгаалж хариуцлагатай ажиллах ёстой. Шүүгчдийг мэргэжил, арга зүйгээр хангадаг тогтолцоог сэргээх нь зөв гэж үзэж байгаагаа ахмадууд илэрхийллээ. Хараат бус байдал гэдэг хуульд захирагдахын нэр гэдгийг залуу шүүгчдэд ойлгуулах, ахмадуудын заавар зөвлөгөөг өгөх ажлыг тамгын газар нь зохион байгуулдаг болох талаар ч тэд санал хэлж байв.

 

Ахмад шүүгч, ажилтнууд зөвлөлдөв

 

Сургалт, зөвлөгөөний төгсгөлд Шүүхийн ахмадуудын холбооны Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Э.Оюунбилэг, Сүхбаатар аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн С.Өлзийсайхан, Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Н.Мөнхбат, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг дэх салбар зөвлөлийн тэргүүн Г.Хандсүрэн нарыг "Монголын шүүхийн ахмадуудын холбооны Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулж, баяр хүргэлээ.

 

Ахмад шүүгч, ажилтнууд зөвлөлдөв

 

Ахмад шүүгч, ажилтнууд зөвлөлдөв

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс