Шүүхийн талаар ойлголттой болсонд баяртай байна

bzcourt  |   2019-01-10  |   Нүүр хуудас / Онцлох мэдээ


Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцсон Б.Магсаржав бидэнд хандаж сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэрбээр "Би 58 настай. Иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохоос өмнө шүүхийн талаар төдийлөн ойлголтгүй явдаг байлаа. "Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцоно уу” гэж шүүхээс холбоо барихад дургүйцэж байсан ч иргэнийхээ үүргийг биелүүлж очсон.

 

Шүүх хурал эхлэхийн өмнө шударга үнэний төлөө "Тангараг” өргөсөндөө би маш их баяртай байна. Хүний амь насыг хохироосон этгээдэд шүүхийн оногдуулж байгаа шийтгэлийг сонсож, харж суухад надад шүүх бүрэлдэхүүнийг хүндэтгэх мэдрэмж өөрийн эрхгүй төрсөн.

 

Миний амьдралд архи уудаг ах, дүүс байдаг. Тиймээс архитай холбоотой асуудалд сэтгэлд хөндүүрлэж явдаг. Иргэдийн төлөөлөгчөөр оролцсон шүүх хурал миний хувьд хүнд байсан. Гэхдээ шүүхийн тамгын газрын ажилтнуудын хандлага, хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгч нарын хэргийн оролцогч нартай хүнлэг харьцах харилцаа, шүүгдэж байгаа хүн хэргээ хүлээн хохирогч талаас уучлал гуйж байгаа зэргээс буруу зүйл хийсэн хүн хуулийн хүрээнд зохих шийтгэлээ хүртдэг нь бид хуулийн дор амьдардгийн том илрэл юм гэж бодогдсон. Иргэдийн төлөөлөгчөөр хуралдаанд оролцож шүүхийн талаар ойлголттой болсонд баяртай байна.

 

Шүүхийн байгууллагын шүүгч, захиргааны ажилчид та бүхний ажилд амжилт хүсье. Бурууд хатуу, зөвд зөөлөн хандах шүүх байгууллагад "БАЯРЛАЛАА” гэж хэлэх гэсэн юм” гэлээ.

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан

шатны шүүхийн Тамгын газар