"Шүүгчийн ёс зүй ба сахилга" сэдэвт лекц боллоо

bzcourt  |   2017-10-12  |   Нүүр хуудас


Шүүхийн ёс зүйн хорооны урилгаар Японы Токио хот дахь Мэйжи их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх судлалын профессор Моригива Ясүтомо, Канадын Нова Скошиа мужийн Дээд шүүхийн шүүгч, Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны дарга, Канадын Дээд шүүхийн шүүгчдийн холбооны гишүүн Шүүгч Роберт Врайт нар манай улсад айлчиллаа. Айлчлалын хүрээнд Монгол Улсын шүүгчдэд зориулан "Шүүгчийн ёс зүй ба сахилга” сэдэвт лекцийг 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд амжилттай зохион байгууллаа.

Эрх зүй судлалын профессор Моригива Ясүтомо нь Токиогийн Хуулийн их сургуулийн баклаврын зэргийг 1974 онд, магистрийн зэргийг 1976 онд тус тус хамгаалсан. Тэрээр 1976 онд Токиогийн их сургуулийн Хуулийн сургуулиас ажлын гараагаа эхэлж, Нагоягийн их сургуульд профессороор ажиллаж байжээ. Өдгөө Мейжигийн их сургуульд профессороор ажиллаж байна.

Профессор Моригива Олон улсын хуульчийн ёс зүйн холбооны дарга бөгөөд Токиогийн Хуульчдын холбооны сахилгын хорооны гишүүн, Япон улсын Хуульчдын холбооны зөвлөх, Нагоя их сургуулийн харъяа эмнэлгийн ёс зүйн хорооны гишүүнээр тус тус ажиллаж байна. Түүний бичсэн хуулийн ёс зүйн тухай сурах бичиг Хятад, Монгол улсад хэвлэгдсэн бөгөөд Монголын хуульчдын мэргэжлийн сургалтад өргөн ашиглагдаж байна.

Харин Канадын Дээд шүүхийн шүүгчдийн холбооны гишүүн Шүүгч Роберт Врайт нь Канад улсын Нова Скотиа мужийн нийслэл Халифокс хотын уугуул бөгөөд Моунт Аллисоны их сургуулийн баклавр, Далхаузи их сургуулийн магистрийн зэрэгтэй. Тэрээр Халифоксийн нэгэн хуулийн фирмд иргэний хэргийн шүүхийн чиглэлээр 27 жил ажилласан туршлагатай. Мөн Нова Скотиа мужийн Өмгөөлөгчдийн нийгэмлэг, Канадын хуульчдын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Хүндэт шүүгч Роберт Врайт нь Канадын өмгөөлөгчдийн нийгэмлэгийн Нова Скотиа салбарын ерөнхийлөгч, Канадын Хуульчдын даатгалын холбооны захирал, удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан. Түүнчлэн Мужийн шүүхийн томилгооны зөвлөх хорооны тангараг өргөсөн даргаар ажиллаж байжээ.

     Улмаар 1998 оноос Нова Скотиа мужийн Дээд шүүхэд томилогдон ажиллаж байна. Түүний зэрэгцээ Канадын дээд шүүгчдийн холбооны зөвлөх гишүүн, Нова Скотиа муж дахь холбооны захирлын үүрэг гүйцэтгэж байсан. 2006 оноос өдийг хүртэл Шүүхийн ёс зүйн зөвлөх хорооны гишүүний албыг хашиж, тус хорооны хамтран удирдагчаар ажиллаж байна. Шүүхч Роберт Врайт 2012-2013 онд Ямайка улсын удирдлагын удирдамжийн ёс зүйн зарчим ба тайлбарыг боловсруулж, танилцуулахад оролцон ажиллаж байсан.

    Лекцийн хүрээнд Моригива Ясүтомо "Шүүгчийн ёс зүйг онолын болон практик талаас нь авч үзэх нь” сэдвээр, Роберт Врайт "Шүүгчийн ёс зүй, сахилга: Канадын туршлага” сэдвээр лекц орж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэхүү лекцэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууднаас гадна хуульч, өмгөөлөгч, хууль зүйн сургуулийн оюутан нарын төлөөлөл бүхий 65 хүн оролцлоо. Мөн орон нутгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд онлайнаар холбогдон оролцлоо.